Tuesday, December 10, 2013

БИД

Би бол энэ дэлхий дээр нэгэн жарны түүхийг бүтээх гэж ирсэн эхлэл. Анхандаа цав цагаан цаас шиг байв ч яваандаа бэхэнд будагдан, үрчийж нугалран, элэгдэж урагдсаар нэгэн боть ном болох нь баараггүй биз.  Төгсгөл нь үү? Мэдээж Аз жаргалтай амар сайхандаа жаргав эсвэл хорон санаат нэгэн ялж дуусдаг эмгэнэлт зохиол уу? Зохиол ид дундаа өрнөж байхад золгүй явдал гээд төгсгөлчгүй дуусвал их хэцүүеэ. Амьнаас тасарч унасан энэ амийг хайрлаж л явах учиртай гэж өвөө минь хэлдэгсэн. Аргагүйдээ дайны хүнд хэцүү цагт алтан амьсыг хайр найргүй хядаж хэлмэгдүүлж байсаныг уншихаас ч зүрхшээж байсан удаа надад бий. Ямар ч байсан өнөөдрийг хүртэл энэ түүх бичигдсээр хэдийн 20 гаран жил өнгөрч. Хэн нэгний хувьд хорьхон ч надад бол бүхэл бүтэн 20 жил. Яг л шинэ ардчилалын хүүхэд юм болохоор олон өөрчлөлтийг нүдээр харж, хамт хувьсан өөрчлөгдсөөр өдийг хүржээ. Нэг удаа ээж хэлж байсан Намайг залуу байхад талх 1 төгрөг 20 мөнгө байлаа шүүдээ гэж, тэгэхэд нь би гайхаад л бараг байж боломгүй юм сонсчихсон хүн шиг аашилж байсансан. Одоо би дүүдээ 200 төгрөгөөр талх авдаг байснаа хэлүүл нүд нь орой дээрээ гарах биз. Тэгээд л хүн гэдэг чинь их сонин юм. Өөрөө хамт хувьсан өөрчлөгдөж байгаа хирнээ гэнэт л нэг өдөр Хөөх би 20 нас хүрчихсэн гэжүү хурдан юмаа хэмээн уулга алддаг. Цаг хугацаа явдгаараа явж байгаа ч өдөр шөнийг үл тэнцүүлэх хүний үйл гэгч зүйл л баримжаа алдахад хүргэдэг байхдаа. Өв тэгш үйлийг үйлдэхийг хүсэвч өр зүрхтэй хүн би яахан чадах билээ. Гагцхүү бодолдоо л үнэнч байж аль нэг тийшээгээ хальж урсахгүй явахыг хичээх нь хэдийн дадал болжээ. Хүний хүнд хүйтэн аашлалгүй өөрийн хүнд өнхөрч уналгүй явж чадах тэр сэтгэлийн хат хэр хүнд ачаа юм бол? Өтгөс буурал л мэдэж байгаадаа. Тэднийхээ үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн туйлын зөрүүд би гэдэг хүн олон саадыг туулаад л гарч. Тэгсэн хирнээ өөрийнхөө дүүд зааж сургах, сэрэмжлүүлэх гээд л аргаа барна. Хэн ч өөрийн хайртай хүмүүсээ алдаасаа, зовоосой гэж хүсдэггүйн тод жишээ. Өөрийн байтугай өрөөлийн хүнийг ч тэгж бодох эрх бидэнд байхгүй. Яагаад надаас өөрөөр сэтгэж байгаа хүнд би дургүй байх ёстой гэж. Яагаад зөвхөн би, би, би гэж БИД байж яагаад болдоггүй юм бэ? Бүгдээрээ хамт байж нэгнээ дэмжиж ар араасаа өндөрлөгт гарч болох боломж байхад яагаад заавал газар доор жихцэлдэх замыг сонгодог юм бэ? Тиймээс би эссэний сэдвийг Би биш Бид болгон өөрчилсөн юм. Энд миний нэр хэн байх, хэдэн настай, хаана сурдаг байх хэнд ч хамаагүй зөвхөн миний бодол санаа хаа хүртэл явж чадах вээ гэдэг л сонин...

No comments:

Post a Comment