Thursday, September 23, 2010

Хайр дурлал бол сэтгэцийн хүнд эмгэг


“Хайр дурлал бол сэтгэцийн хүнд эмгэг” гэж нөгөө л Платон хэлсэн байдаг санагдана. Мянган жилийн дараа энэ замбуулингийн нөгөө талд Аравийн элсэн цөлд Кайс ибн аль Мулаввах буюу алдарт Мажхун “Хайр дурлал бол миний солиорол тул миний амьдрал баргар болно” гэж хэлсэн байдаг. Орчин үеийн судлаачид хүчтэй дурлалыг салдаггүй невроз гэх өвчний зэрэглэлд оруулах болжээ.

Дурласан хүн хайрт руугаа утасдахгүйгээр юм уу уулзахгүйгээр нэг өдөр ч тэсч чадахгүй. Тачаалыг дийлж болно гэж үү? Энэ бол атга дэрсээр уулын голын урсгалыг зогсоох гэсэнтэй адилхан бус уу? Тачаал заавал өөрийгээ илрүүлнэ.

Хайрт хүний дүр чамаас салахгүйгээр дагаж, тархины гүнээс, далд ухамсар түүнийг сануулсаар байна.

Нээрээ ч биохимийн үүднээс гал халуун дурласан хүн (энэ нь өдөрт дөрвөөс доошгүй цаг хайртай хүнийхээ тухай боддог хүнийг хэлдэг аж) бол нөгөө л невротик шүү дээ. Аль алиных нь биен дэх тархины нейронууд хоорондоо холбогдоход шаардлагатай серотонин-медиаторын хэмжээ эрс бага байдаг.

Серотонин эрс их ялгарахад бид нарт таатай мэдрэмж төрдөг. Түүний хэмжээ багасахад бид сэтгэлийн тайван байдлаа алдаж, сэтгэлээр унаж, уцаартай болж, хямралт байдалд орж, биеэ барьсан байдалтай болдог. Дурлагсад мөн адил тачаалаасаа болж нойр алдаж, хоолны дуршилгүй болж шаналцгаадаг.



Галзууртлаа дурлачихсан гэж ярьдаг нь оргүй хоосон үг биш бололтой. “Энэ хүн яах ч аргагүй л жаахан юмтай бололтой. Амар, амгалан амьдралаасаа салаад өөр хүний анхаарлыг татахын тулд түүнийг ингэж мөрдөж мөшгиж ч байх гэж дээ” гэж бид зарим хүний тухай халагладаг шүү дээ.

Юмтай гэв үү? Хайртай хүнээ харангуутаа л тархины тааламжийн төвүүд гэж нэрлэгддэг, бидний амьдралыг тэтгэдэг үйлдэл болох идэх, уух зэрэгт тааламжтай мэдрэмж төрүүлдэг тэр хэсгүүд санаанд оромгүй идэвхтэй болдогийг томографийн судалгаа харуулж байна.

Хайртынхаа дурсгасан зураг руу нэг удаа зэрвэсхийн харах нь бидний хувьд жинхэнэ таашаал байдаг шүү дээ. Бид хайрт руугаа дайрах шахаж, нүдээрээ идэх шахдаг нь гайхалтай биш юм. Ингэхэд тархин дахь сөрөг сэтгэл хөдлөлийг хариуцдаг тэр хэсгүүд идэвхгүй болдог.

Дурлагсад тэдний бие дэх серотонины хэмжээ аюултай бага түвшинд байхад сэтгэлээр унаж, гутардаггүй харин ч цэцэглэж дэлбээлэх шиг болдог. Тэдний хувьд дурлал депрессийг хамгийн сайн эсэргүүцэгч болж өгдөг.

Энэ эмийг өдөр бүр, болдог бол цаг бүр уумаар санагдах нь бий. Хэрэв хайрт маань хажууд байхгүй бол бид хаачих, юу хийхээ мэддэггүй, энэ долоо хоногийг яаж өнгөрөөх мэддэггүй. Бидний сэтгэл зүйн онцлогийг илэрхийлсэн энэ их сэтгэл хөдлөлийг үүсгэгч бол дофамин гэдэг гормон юм.

Романтик хайр сэтгэлтэй учирсан хүмүүсийн тархины физиологи гэдэг томограф судалгааны программыг удирдагч америкийн антропологич Хелен Фишерын үзэж байгаагаар дофамин бол нөгөө биед нөлөөлдөг шидэт шингэнийг бүрдүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч ажээ. Биологичид болохоор дофамин их байх тусам ааш зан сайхан байна гэж үздэг аж.

Энэ гормон биднийг эрч хүчтэй, юунаас ч айдаггүй зоригтой болгож, хүний санаанд оромгүй зүйл хийлгэж, гол нь, хайрыг маань татсан хүн рүү бидний бүх анхаарлыг хандуулдаг. Биднийг бүрэн эзэмдсэн солиорол нь өөр хүнээс эмээх төрөлхийн айдсыг дарангуйлчихдаг тул та юун өдөр хоног манатай, долоо хоног, сараар тэр хүнийг эргүүлэхэд бэлэн байна.

Дурлалын шинж чанар өөрөө мансууруулах бодисоос хамааралтай хүнийхтэй төстэй тул аль алинд нь дофамины ялгарал хэт ихэссэн байдаг гэж Хелен Фишер тэмдэглэжээ. Гэвч энэ оюун ухааны зүүд мэт байдал, амьдралын энэ их тэсэхийн аргагүй баяр баясгалан хир удаан үргэлжлэх вэ?

Инээдтэй нь депрессээс салгадаг олон нийтэд танил эм тан мөн чанараараа биднийг дурлалаас эмчлэх боломжтой. Эдгээр нь бие дэх серотонины хэмжээг ихэсгэдэг нь дурлалт байдлын төлөвтэй харшилна шүү дээ. Та баяр баясгалантай байж, шинэ танилуудтайгаа сэргэлэн цовоо хөөрөлдөх боловч та тэд нартай дахин дахин уулзаж, тэдний тухай өдөр тутам, цаг тутам бодоод баймаар санагдахгүй. Танд бол зөвхөн биеийн тодорхой хэсгүүдийг механикаар таа¬ламжтай мэдрэмж төрүүлэн өдөөх хүсэл буюу хурдавчилсан бэлгийн харьцаанд орох л хүсэл байх болно. Харин хайр сэтгэл ямар ч өвчний адил эмийн үйлчилгээний нөлөөгөөр замхрахдаа таны бараг үл мэдрэх, үл ойлгогдох аз жаргалын мэдрэмжийг тань үгүй болгон одно. Депресийн эсрэг сайн эм бол сэтгэл хөдлөлийг үүсгэх хэрэгсэл лав биш. Эмийг уухаа болиход л хүнд хайрлах чадвар нь сэргэдэг. Хайр сэтгэл бол санаандгүйгээр эм нь хүртэл зохиогдсон өвчин байж болно, харин түүнээс эмчлэгдэе, ангижрая гэж хүсдэг хүн их л ховор байх даа.

Дурлалыг хайр сэтгэлтэй их андуурдаг нь олон эмгэнэлт явдал, бүтэлгүй хайр, түргэвчлэн гаргасан алдаатай шийдвэрийн шалтгаан болдог. Үнэндээ, сэтгэл хөдлөлийн өргөн хязгаарт дээрх хоёр нь хоорондоо их зайтай байдаг. Тэдгээрийн гарал үүсэл нь эрс ялгаатай.

Дурлал нь хэдхэн долоо хоног дотор шатаад өнгөрөх нь бий. Чи гэнэт ухаан орсон юм шиг нөгөө саяхан л тийм их дотно байсан хүн, түүний дуу, нүд, аальгүй зан нь чамайг галзууруулах шахаж байсан хүн рүүгээ ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй, тээршаасан янзтай анх удаагаа харна. Их сайндаа бол дурлалын гал 2-2.5 жил маналзана, тэгээд л энэ хугацаа өнгөрлөө. Одоо яах вэ, салах уу?

Үнэндээ энэ бол толгойг маань тийм удаан эргүүлсэн дофамины утаа сарнилаа гэсэн үг. Тэгээд энэ хурц хэлбэр болох дурлалт байдал архаг хэлбэр болох хайр сэтгэлд шилжинэ эсвэл хэсэг хугацааны дараа нулимстай, хэрүүлтэй юм уу аль аль талын бүрэн үл тоосон байдалд савангийн хөөс шиг хагараад алга болно. Ийм маягаар анхны сэтгэл хөдлөлөөр хурдан нийлсэн гэр бүлүүд ихэнхдээ салдаг.

“Нэг хэсэг хүмүүсийн хувьд сайн сайхан бүх юм өнгөрч, нэгнээсээ хөндийрч, хоорондоо улам бага ярьж, аливаа өөр юм санагалзаж эхлэдэг бол нөгөө нэг хэсгийн хувьд энэ бол гүн удаан дасалцалын эхлэл юм” гэж польшийн судлаач Януш Вишневский тэмдэглэсэн байна.

Хэрэв хосууд цаашаа салж хагацалгүйгээр харьцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байвал тэдний биед химийн хувьсгал явагдана. Дофамины оронд
тархи нь окситоцин, түүнтэй төрөл нэг вазопрессин, мөн хөнгөхөн сэтгэл хөдлөл үүсгэдэг эндорфинууд (сүүлийнх нь морфийн үйлчилгээтэй төстэй) зэрэг бусад гормоныг ялгаруулж эхэлдэг. Хүний тархинд эргэлдэх эдгээр бодисууд нь бидний бусдад хандахдаа мэдэрдэг гүн таашалтай сэтгэгдэлийг төрүүлдэг ба харилцан дасалцах сэтгэлийг бий болгодог.

Гормоны энэ өөрчлөлт нь амарлингуй хөнгөмсөгдүү романтик харьцаанаас жинхэнэ, нарийн нандин, бүрэн боловсорсон хайр сэтгэлд буюу харьцаанд оролцогчдын төгс төгөлдөр байдалд шилжсэнийг илэрхийлнэ. Ингэснээр энэ харьцаа нь уян зөөлөн, нам тайван, хайрт хүмүүсийн сэтгэл санааны бүх талын ойр дотно байдлыг илэрхийлэх бөгөөд бие биеэ мэдрэхээс илүү сэтгэл санаагаа мэдрэх, тачаалаа эдлэхээс илүү хамтдаа, бусдаас тусгаарлагдмал байх хүсэл нь давамгайлж эхэлдэг. Энэ хоёрын тогтуун харьцаа нь ойр дотны харьцаанаас олж мэдэрсэн мэдрэмж нь олон утгатай болдог.

Окситоцин буюу аз жаргалын гормон хоёр хүний хооронд тогтвортой, итгэлтэй харьцаа тогтосны дараа нэг нэгэндээ аяархан зөөлөн хүрэх бүрд их хэмжээгээр ялгардаг. Түүний илүүдлээс болж бид хайртыгаа илж, энхрийлж, үнсдэг ба хайртыгаа улам хайрлах сэтгэл бий болгодог. Энэ бол их эерэг гормон юм. Түүний ачаар гэр бүлийн хурцадмал байдлын дараа хайрт хоёр амархан учраа олдогт хамаг учир байгаа юм.

Хүний тархин дахь окситоцины рецепторын тооноос түүний хувийн амьдрал хамаардаг гэж судлаачид үзэж байна. Үүнд рецепторын тоо бага байх тусам хүний гэр бүлийн амьдралаас олж мэдрэх баяр баясгалан бага байдаг тул тэр хэмжээгээр хүн хостойгоо тогтвортой удаан харьцаатай байх чадваргүй байдаг.

Эх ба хүүхэд хоёрын хоорондын харьцаанд ч окситоцин чухал үүрэгтэй. Эх дөнгөж төрсөн үрээ энгэртээ наан тэврэхэд л эхийн тархинд тэр их хэмжээгээр ялгарч эхэлдэг ба эхийн сүү ороход ч тодорхой үүрэгтэй.

“Хувьслын үүднээс окситоцин бол маш эртний гормон юм. Түүнийг чийгний өт мэтийн бүдүүлэг амьтанд ч илрүүлж болно. Хүмүүсийн хоорондын харьцаа ч гэсэн бүр молекулын түвшинд тогтдог” гэж австралийн биологич Ричард Айвелл тэмдэглэжээ.

Харьцааны окситоцины үе бүх амьдралын турш үргэлжилж болох боловч түүний бүх насны баталгааг ямар ч эрдэмтэн өгч чадахгүй. “Хүн гэдэг бол шал хоёр өөр зүйлийн төлөө төрсөн юм шиг байдаг. Хэн нэгэнтэй амьдралаа холбоход бэлэн байдаг мөртлөө нөгөө нэгд дахин дахин дурлахад бэлэн байж байдаг” гэж Хелен Фишер тэмдэглэжээ. Хүний энэ сүүлийн онцлог чанар нь хүн төрөлхтний гены олон төрлийг бүрдүүлдэг.

Ер нь хүн бол мөн чанараараа дараалсан моногамийн харилцаанд байх хандлагатай гэж антропологичид үзэж байна. Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын харьцааны бодит хугацаа ойролцоогоор 4 жил гэнэ. Энэ нь нэг хүүхдийг хүн болгочихоод дараагийн гэр бүлээ бий болгоход хангалттай ажээ. Нээрээ ч дэлхий даяаараа салалтын хамгийн их өндөр оргил үе нь гэр бүл болоод 4 жил бологсдын дунд байна. Гэвч хүн бол дараалсан
Эх хүн үрээ хэвлийдээ тээж явахад ч түүний тархинаас окситоцин их хэмжээгээр ялгарч хэвлий дэх урагт нь хүрч байдаг.

моногамт амьтад болох үнэг, малиновка зэргийг бодвол өөрийн биохимийн боол биш юм. Бидний туршлага, соёл, зан заншил зэрэг нь түр зуурын шинэ сонирхолд таарсан ёсоор хандаж яаравчилсан шийд гаргахаас болгоомжлуулдаг. Бид хосдоо болоод өөртөө улам тэвчээртэй хандахыг сурч, өдөр тутмын амьдралын бадрангуй хүслийг нээж, дотны хүнээ улам гүнзгий ойлгож чадсанаар түүнийгээ улам хайрладаг. Амьдрал дээр жинхэнэ хайр сэтгэл олон тооны дурлал шохоорхлоос хүчтэй байж таардаг.

Одоо үед хайр дурлалаар шашиныг орлуулах оролдлого хийж байна. Шүтэх юмаа олохоо болисон нийгэмд зөвхөн хайр дурлал л аз жаргал, гэр бүлийн “хэппи энд”-ийг золгуулна хэмээн ламтан диваажинг авч ирнэ гэдэг шиг амлаж, мах бодинд заяасан амьд бурханы төгс төгөлдөр дүрийг өдөр бүр тольдон харж болно гэж ойлгуулж байна.

Гэхдээ хосуудын нэг нэгэндээ тавих шаардлага өндөрссөөр байна. Өчүүхэн төдий алдаанаас болж нэгнийгээ хайр найргүй солино. Эмэгтэйчүүд эрчүүдийн дундаас сэтгэлийн уян хатан чанартай, анхаарал, халамж, энхрийлэлтэй, өдөр бүрийн ажилд тусладаг, үг хүлээж авдаг, сэтгэлээ нээн ярилцдаг гэх мэт “эмэгтэйлэг” шинж чанартаа таарах сайн найзыг хүсдэг, хайдаг. Тэгээд бүр олдог. Гэвч удаан биш хугацаагаар. Учир нь эрчүүд ийм дүрийг удаан эсгэж чаддаггүй.


Харин эрчүүд болохоор эрчтэй, хүчтэй, биеэ даасан, тэр тусмаа санхүүгийн хувьд биеэ даасан эмэгтэйг эрэлхийлдэг болжээ. Ерөнхийдээ бол эмэгтэй хүнийг өдөржингээ даагаад байхгүй “найз залуу” мэтээр байлгахыг хүсч байна. Хүсдэг боловч байгалийн жам ёсоор эмэгтэй хүний мөн чанар давамгайлж төлөвлөгөө, тооцооны хөндий хүйтэн логикийг үгүй болгож байгааг гайхшран хардаг.

Ингээд хүмүүс аль аль нь 2-3 сарын дараа нэгнийхээ тухай сонсохыг ч хүсэхгүй болтлоо залхчихсан байдаг тийм заяатай юм гэж үү? Том хотын хүмүүс тэр чигээрээ зөвхөн хоёр долоо хоногийн настай түр зуурын харилцаанд орохоос цаашгүй ганц бие хүмүүс, синглууд болж хувирна гэж үү?

“Эрэгтэй, эмэгтэй хүмүүүсийн харилцаа бол нэг төрлийн эдийн засгийн хэлэлцээр юм. Тухайн улсын эдийн засгийн байдал муу байх тусам тэр хоёрын харилцаа тогтвортой байна. Учир нь ганцаараа байснаас хоёулаа хамтдаа амьдралыг даван гарахад арай амар аж. Хэрэв нийгэм нь манайх шиг хэт тогтвортой амьдралтай бол ямар ч баяр баясгалан авчирдаггүй гэр бүлийн харилцааг удаан хадгалах шаардлагагүй” гэж австрийн социология Карл Граммер бичжээ.

Гэр бүлийн аз жаргалын баталгаатай статистик одоохондоо байхгүй байпа. Аз жаргалтай гэр бүлийн хос ердөө л 15-30% байдаг гэдэг. Гэвч энэ нь тодорхой шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн тоон үзүүлэлт гэхээсээ олны дунд байдаг яриа бололтой. Ямар ч тохиолдолд социологичдын тэмдэглэж байгаагаар орчин үед аз жаргалаа олох зам янз бүр болсон ба урьдахаа бодвол улам нарийссаар ажээ.

XXI зуунд бид амьдралынхаа ихэнхийг “тохирсон” хосоо олоход зориулна. Дэлхий тэр чигээрээ “глобалчлагдсан тосгон” болж байна. Цаашдаа нууц амрагуудын тоо хязгааргүй өсөх магадлалтай юм.

Урьд цагт аз жаргалтай гэр бүл гэдэгт Бурхан хүүхдүүдээр ч, буянаар ч дутаагаагүй гэр бүлийг хэлдэг байсан. Одоо бол биднийг хөгжихөд, урагшлахад тусалдаг, “өөд нь татдаг” хүнтэй л бид жинхэнээрээ аз жаргалтай байна.

Германы математикч Петер Тоддын урьдчилан тооцоолсноор цаашдаа хүний амьдралд дунджаар 12.7 тогтвортой, “квази гэр бүлийн” харилцаа байх ажээ. Эдгээр харилцаа нь /заавал бэлгийн байх албагүй/ эцэстээ, ухамсартай сонголт хийхэд нөлөөлөх ёстой. Магадгүй, энэ нь хэдхэн хоног үргэлжилсэн ч бай, гол нь хүний сэтгэлд нэг юм бодогдуулсан байх нь чухал.

Цаашдаа зарчмын хувьд гэр бүлээ ямар ч хамаагүй үнээр хадгална гэхээ болих учир гэр бүлтэй хүмүүс илүү аз жаргалтай болно. Гэр бүл болох нь энэ амьдралыг даван туулах боломжийн нэг байх учир салалтын тоо багасах юм. Гайхалтай нь, хамгийн сүүлийн үеийн социологийн асуулгын дүнгээр нэгнээсээ тусдаа, өөр өөр байранд, эсвэл бүр өөр өөр хотод амьдран хайрт хүнтэйгээ тогтмол уулзалддаг хүмүүсийн гэр бүл их аз жаргалтай байна гэсэн дүгнэлт гарчээ. Ихэнхдээ ганцаардмал өнгөрөөх амьдралаас эмээх хэрэггүй. Өөртэйгээ эвлэрэн амьдарч чадахгүй, ганцаараа байхдаа ч азгүй мэтээр өөрийгээ хүлээж авдаг хүн сайн хань байж чадахгүй.

2 comments:

  1. Заа сайхан уншлаа. Үнэн ч юм байна. Ойлгохгүй ч юм байна.

    ReplyDelete